20131210

Өмнөд Монголчуудын хүний эрх мандтугай! - Өмнөд монголын залуучуудын холбоо

Өмнөд Монголчуудын хүний эрх мандтугай!

Өнөөдөр Хүний эрхийг хамгаалах даян дэлхийн өдөр билээ. Өмнөд Монголын залуучуудын холбооны эв санаа нэгдсэн гишүүд бид энэ өдөр хүн төрөлхтөн Өмнөд Монгол дахь хүний эрхийн асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсч байна.
Өмнөд Монгол - хүний эрх хамгийн ихээр
зөрчигддөг орнуудын нэг. Хэдхэн жишээ дурдахад, 1967-1969 онд "Соёлын хувьсгал"-ын хийрхлийн зэрэгцээ "Өвөр ардын намыг ухаж малтах хөдөлгөөн" гэх үндэстний эсрэг харгислал явагдаж, 60 түмэн хүнийг цаазалж тамлан хороосон. Өмнөд монголчуудын үндэсний соёл боловсролыг үгүй хийх, уусган замхруулах үйл ажиллагаа хийгдэж ирсэн. Малчин монголчуудын газрыг нь булаах, хүчээр суурьшуулах зэргээр, мянга мянган жилийн турш уламжлан ирсэн амьжиргааны үндэс язгуураас нь салган, амьдрах аргагүй болгож байна. Өмнөд монголчууд үүнийг эсэргүүцэхэд хэрцгийгээр нухчин дарж байна.
Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн уугуул ард түмнүүдийн эрхийг эрхэмлэн дээдлэх ёстой
гэж тунхаглаж, амьдралд хэрэгжүүлж байна. БНХАУ-д уугуул ард түмний эрхийг уландаа гишгэн хөсөрдүүлж байна. Учир иймд, Өмнөд Монголын залуучуудын холбооны гишүүд бид:
1-рт, 60 түмэн өмнөд монголчуудыг харгислан, амь насыг нь хохироосон, үй олноор, хүй төрлөөр устгасан ялт хэргийг шийдвэртэй буруушааж, 60 түмэн ахан дүүсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн нэн ихээр гашуудаж буйгаа илэрхийлж байна.
Бид бүхэн жил бүрийн 10-р сарын 1 буюу, БНХАУ байгуулагдсан өдөр, өмнөд монголчуудыг харгисласан явдлыг гашуудан тэмдэглэж байх болно.
2-рт, хүн төрөлхтний эсрэг энэ ялт хэргийг олон улсын шүүхэд мэдүүлэн, гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэн, шударгаар шийтгүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдэж байна.
3-рт, Өвөр Монгол орон 1947 онд байгуулагдсан. Гэтэл БНХАУ 1949 онд байгуулагдсан хэрнээ Өвөр Монголыг хүчээр эрхэндээ оруулсан. Энэ зүй бус явдлыг НҮБ, олон улсын шүүх, хүний эрх хамгаалах газрууд олж харж, анхааралдаа аван ажиллаж, Өвөр Монголыг БНХАУ-ын эрхшээлээс гаргаж, эрх чөлөөтэй болгох хэрэгтэй гэж үзэж байна.
Бид бүхэн БНХАУ-ын Засгийн газарт дараахь зүйлүүдийг шаардаж байна.
1-рт, Өвөр Монгол дахь бүх дарангуйллаа даруй зогсоо!
2-рт, Тухайн өөртөө засах орны нэрийн үндэстэн өөртөө засах төрийг барина гэсэн хуулийн дагуу, өвөр монголчуудад өөрсдөө засаг төрөө барих, өөртөө засах орноо удирдах боломжийг олгож, өөртөө засах орон шиг орон болго!
3-рт, 15 жил хилсээр хоригдож, зовж тарчилсны эцэст гэрийн хорионд мөн байсаар байгаа Хадааг цагаатгаж, суллаж, эмчилж, нөхөн олговор олгох, Хуучинхүү, Наранбилэг, Содмонгол, Батзангаа болон бусад өмнөд монгол улс төрийн хоригдлуудыг мөн суллаж, хохиролгүй болго!
4-рт, БНХАУ-ын төр засаг олон жил ӨМӨЗО-ы соёл урлагийг хариуцан эрх барилаа. Өнөөдөр өвөр монголчуудын соёл урлагт сүйрэл нүүрлээд байна. Дээдсээс үлдээсэн ариун сайхан соёл урлагийг маань доромжлохоо зогсоо! Бид Монголоороо баймаар байна. Өмнөд монголчуудын соёл урлагийг нээлттэй болго!
5-рт, Тухайн өөртөө засах орны нэрийн үндэстний хэлийг 1-р хэл болгох зарчмыг хэрэгжүүл, монгол бичгийг Өвөр Монголд 1-р бичиг болгон дэлгэрүүл!
6-рт, Өмнөд монголчуудын овог нэрийг баримт бичиг дээр монгол бичгээр зөв бичдэг болго, баримт бичгийг хариуцсан хүмүүс нь монгол хүн байх ёстой!
7-рт, Монгол сургуулиудыг хааж хорих, хөгжлийг нь саатуулахаа зогсоо!
8-рт, Монгол сургуулиудын сурах бичгүүдийг өвөр монголчууд өөрсдөө зохион гаргах боломжийг олго, монгол хэлээрх ном зохиолыг чөлөөтэй болго!
9-рт, Монгол хүүхэд залуус, оюутан сурагчдын зөв боловсрол олох, түүх соёлоо зөвөөр мэдэн сурах эрхийг хүндэтгэ!
10-рт, Монголчуудын соёлыг Дундад улсын соёл хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэх, гуйвуулан сурталчлахаа зогсоо! Монголчуудын соёлыг Монгол улс л өөрөө бүртгэдэг байхыг бид хүсч байна.
11-рт, Монголчуудын уран зохиол, яруу найргийг чөлөөтэй нийтэл, нэвтрүүл, ном судрыг чөлөөтэй хэвлүүл!
12-рт, "Чонон сүлд" роман зэрэг монголчуудын соёлыг гажуудуулан ойлгуулсан үйлдлийг бүү дэмж, эсэргүүцэн хоригло!
13-рт, Монголчуудын шашин шүтлэгийг доромжлохыг зогсоо!
14-рт, Монголчууд онгон шүтээнээ өөрсдөө мэдэх, харгалзах эрхийг олго! Онгон шүтээний эргэн тойрны 100 км газарт цэрэг зэвсэг байж болохгүй!
15-рт, Бэлчээр усыг бохирдуулах, газар нутгийг цөлмөн ухахаа зогсоо! Уул уурхайн ажил хийхдээ өмнөд монголчуудаас зөвшөөрөл авч бай!
16-рт, Малжих соёлыг дэмжиж, малчин түмний мэргэжлийг дээшлүүлэхэд нь тус болж, тэдэнд Монгол улс, Европ, дэлхийн олон оронд суралцах, үзэл бодлоо солилцох зэрэг боломж олгосон үйл ажиллагааг өөртөө засах орноос зохион байгуулан үйлчил!
17-рт, Өвөр монгол оюутан залуусыг олон оронд солилцоогоор сурах боломжтой болго, өөртөө засах орон бүх зардлыг нь хариуц!
18-рт, Өвөр монгол залуучуудыг шинэ үеийн дэлхийн хөгжлийн жишигтэй хөл нийлүүлэхэд Хятадын төр засаг хувь нэмрээ оруул!
19-рт, Өвөр монголчуудын амьдралыг дээшлүүлж, хүүхэд багачуудын үнэ төлбөргүйгээр үйлчлэх эмнэлгийг олноор бий болго! 50-иас дээш насны өвөр монголчуудын эмнэлгийг эмчилгээг үнэгүй болго, тэдэнд зориулсан эмнэлгийг олноор босго! Ахмад настанд зориулсан үйлчилгээний төвүүд хороо бүхэнд байх ёстой!
20-рт, Өвөр Монголын уудам тал нутагт ахмадууд, хүүхдүүдийн амралтын зуслангуудыг олноор байгуулж, үнэ төлбөргүй үйлчил!
21-рт, Тэтгэвэр тэтгэмж, халамжийг иргэн бүрт хүртээ! гэж бид бүхэн шаардаж байна.
Өмнөд монголчуудын маань хүний эрх мандан бадарч, өмнөд монголчууд маань үеийн үед, үрийн үрд энхжин мөнхжих болтугай!
Өвөр Монгол эрх чөлөөг хүсч байна!
Өвөр Монголд эрх чөлөө хэрэгтэй байна!
Өвөр Монгол эрх чөлөөтэй болох ёстой!
Тэр өдөр ирнээ!
Өмнөд Монголын залуучуудын холбоо

                                        2013.12.10























No comments:

Post a Comment